Танилцуулга
.jpg)
“Шинэ Үе” сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 29-ний 222 тоот захирамжийн дагуу Монгол Улсын Ардын багш Ү.Маамын санаачлагаар анх 2003 онд байгуулагдаж, 11 багш, 7 ажилтан, 1-10-р ангийн 10 бүлэгт 86 сурагчидтай үйл ажиллагаагаа эхэлж байсан.
Өдгөө 2021-2022 оны хичээлийн жилд 1357 сурагчид суралцаж байгаа бөгөөд 108 багш, ажиллагсадтайгаас МУ-ын Гавьяат багш 1, мэргэжлийн олимпиадын улсын аварга багш 7, хотын аварга 12, улс, хотын медальт 19, улс, хот, дүүргийн ур чадварын уралдааны аварга, дэд аварга 27, улс хот, дүүргийн шилдэг илтгэлийн уралдааны аварга, дэд аварга 28, спортын мастер 4 зэрэг тэргүүний шилдэг багш нар ажиллаж байна.
“Шинэ Үе” сургууль нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ бусад бүх хичээлийг олон улсын стандарттай хослуулан өндөр түвшинд судалдаг. 2016 оны 7-р сараас эхэлж АйБи диплом хөтөлбөрийн горилогч сургууль болж, 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр “Шинэ Үе” сургууль нь үндэсний хэв шинжээ хадгалсан Олон улсын АйБи хөтөлбөрийг хэрэгжүүлэгч анхны сургууль болсон юм. 2021-2022 оны хичээлийн жилд 9 болон 10-р ангиудадаа Кембрижийн IGCSE хөтөлбөрийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган олон улсын сургалтын хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
Бид сургалтын чанарыг эрхэмлэхээс гадна сургалтын орчноо байнга сайжруулахыг зорьдог. Мөн манай хамт олон санаа бодол, зорилгынхоо төлөө хамтран хүүхэд бүрийг хөгжүүлж, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг шинэ үеийн иргэдийг амжилттай төлөвшүүлнэ гэдэгтээ итгэл төгс байдаг.
“Нийслэлийн тэргүүний сургууль", “Шилдэг менежменттэй сургууль", БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль", “Топ-10 сургууль", “Хүүхдэд ээлтэй сургууль", “Эко сургууль", “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", “Улсын Тэргүүний сургууль” зэрэг олон шагнал, урамшууллуудыг тус тус хүртсэн юм.

